Blurred Lines – баримтат гэрэл зургийн үзэсгэлэн

Баримтат гэрэл зурагчин Агнууш буюу Соёмбын “Blurred Lines” нэртэй гурав дахь бие даасан үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн куратороор А.Дуламжав ажилласан ба гэрэл зургийн үзэсгэлэнг орон сууцанд зохион байгуулснаар уламжлалт үзэсгэлэнгийн хэв маягийг “эвдэхийг” хүссэнээ дурдаж байлаа. Хэдийгээр цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа ч үзэгчид болон үзэсгэлэнгийн үйл явдал маш эмх цэгцтэй, тайван өрнөж байв. Тэд гэрэл зургуудыг өвөрмөц атлаа энгийн байршуулсан нь үзэгчдийн сэтгэлд тун ойр хүрснийг нуух юун.

Blurred Lines нь өмнө МУБИС-ийн нүхэн гарц болон Vice онлайн сэтгүүл гээд хэд хэдэн удаа дотоодын болоод олон улсын хэвлэлүүдэд нийтлэгдэж байсан ч энэ удаа уран бүтээлч өөрийн гэртээ зохион байгуулсан нь анхаарал татсан юм. Учир нь үзэсгэлэн зохиогдсон орон зай бүхэлдээ нийгмийн дунд үргэлж хаалттай байсаар ирсэн сэдвийг даруухан бас нээлттэй илэрхийлэхийн сацуу уран бүтээлчийн маш тод “дуу авиа”-г үзэгчдэд хүргэж байв. Мөн хар тамхийг муу эсвэл сайн гэж харуулахын оронд ердөө л бодит үнэнийг дэлгэн тавьснаараа тус үзэсгэлэн “амттай” байсныг онцолъё.

Олон нийтийн сүлжээн дээрх гоё ганган “шошго”-той, хийсвэр амьдралыг мөрөөдөж, баяссаар ирсэн бидний нүдийг энэхүү үзэсгэлэн “нээж”, огтхон ч хачиргүй үнэнтэй нүүр тулах боломж олголоо. Баримтат гэрэл зурагчин Агнуушийн энэ удаагийн үзэсгэлэн анхных нь биш юм. Бас сүүлийнх нь ч биш гэдэгт эргэлзэхгүй байна… Яг өнөөдрийн нийгмийн нийтлэг дүр төрх шиг харах өнцгөө хайрцагласан хүмүүсийн хажууд, хаалганы цаана зэрэгцэн орших бүдэг ертөнцийг ямар ч оо энгэсэггүйгээр ил хүргэсэн баримтат гэрэл зурагчин Агнуушд баяр хүргэе.